2012-1-13,12:23

"Зурагтай танилцсан нь" үргэлжлэл

Зурагтай танилцсан минь

Жаалхүү гэдэг өвгөнийх олон хүүхэдтэй айл байв. Нэгэн өдөр тэдний хамгийн том хүүхэд гэрийнхээ гадаа завилж суугаад, өвөр дээрээ дөрвөлжин мод тавьж ямар нэгэн юм хийж байхыг харлаа. Юу хийж байгаагий нь үзэхсэн гэхээс тэсэж суух аргагүй болов. Ороо хонь барих гэж байгаа юм шиг сэм сэмхэн гэтсээр, тэр хүүхдийн ар талд очоод өнгийн харвал онц сонин юм үзэв. Модон самбар дээр үнс түрхжээ. Нарийхан үзүүртэй савх модоор үнсэн дээрээ нааш цааш зурж байгаагий нь харахад гайхмаар ажээ. Даваасамбуу гэж тэр хүүг нэрлэдэг юм. Даваасамбуугийн гар нь нааш цааш уяхнаар хөдлөх бүрийд үнс түрхсэн самбар дээр дүрс гараад ирлээ. Бух урд хөлөөрөө газар цавчлан хэлээ унжуулан туужуу мэт сүүлээ хондлой дээрээ агсжээ.

Даваасамбуу намайг ар талдаа ирээд ашиглаж байхыг мэдсэнгүй. Цааш тавтайяа үргэлжлүүлэн зурсаар байв. Удаж төдөлгүй дахиад нэг сарлагийн бух зурчихлаа. Хоёр сарлагийн бух өөд өөдөөсөө харж сааглан мөргөлдөхийг завдаж буй ажээ. Би тэр сонин зургийг нүдээ бүлтэртэл гөлрөн зогсож хамаг юмыг нэгэн агшнаа мартжээ. Модон дээр модоор тэгж сайхан зурж болдгийг анх удаа тийнхүү мэдэж авлаа. Гол нууц нь модон самбар дээр түрхсэн аргалын үнс гэдгийг нь би мэдлээ. Даваасамбуу гэв гэнэт нөгөөх зургаа үнс асган балласанд би харамсаж “хүүе битгий” гэж алдав. Даваасамбуу над руу эргэж харснаа ухасхийн боёож гэрийн зүг одлоо.
Санамсаргүй нээж олсон нууцаа туршиж үзэхээр би гэрийн зүг салхи мэт дэгдэн одлоо. Гэрт орж ямар нэгэн дөрвөлжин мод хайж гарлаа. Гэрт хэн ч үгүй тул дураараа загнах эрхтэй байлаа. Гай болоход гэрт нэг ч хавтгай мод байсангүй. Цорын ганц боломжийн мод гэвэл өрөм хатаадаг тос нэвчсэн бор мод эргүүл дээр байв. Хэсэг эргэлдсэний эцэст би тэр модыг олзлон авч тулганы захаас аргалын цагаан үнс хайж олоод дээр нь нунтаглан түрхэв. Дөрвөлжтэй түлээ дотроос бяцхан мод олж хутгаар үзүүрлэв. Зурах ажилдаа оров. Сарлагийн бух зурж эхлэв. Даваасамбуу шиг уран зурах гэгч огт хялбар биш ажил байжээ. Хөлсөө урстал ноцолдоод нэг бух зурсан чинь хөрш айлын нэг бух зурах гэж улайран сууж байтал, гэв гэнэт хацар дээр халуун оргив.

-   Чи яагаад өрөм хатаадаг мод бузарлав. Ээжид чинь хэлж турсагы чинь хуулуулна даа! гэж загнах дуунаар өндийн үзвээс авга эгч зогсож байлаа. Бид нар авга эгчийг “Айдаа” гэж авгайлна. Харин хүмүүс “тарган” гэж дуудна. Нэр хоч хоёр нь яг адилхан тийм хүн манай тэр голд ганцхан Айдаа байж дээ.

-   Айдаа, энийг хараа, юу вэ? Гэж зурсан зургаа заалаа.

-    Аль вэ, яагаав Донтор л байна гэж Айдаа хөхөрч гарав. Донтор гэж хөрш айлын доголон халтар нохойны нэр л дээ.

-   Донтор биш ээ. Ааяа Балдангийн халзан бухыг зурсан юм гэж би ярьсанд  Айдаагийн инээд улам хүрч бүр сүүлдээ эвхрэн ойчоод нүдний нь нулимс цувж, цээж нь хэрчигнэн хөхөрсөөр байлаа. Айдаа инээдээ барьж чаддагүй. Тийм хачин хүн л дээ. Түүнийг хөхөрч хэвтэх хоорондуур би гарч зугтаалаа.

-   Үнс түрхсэн самбараа аргал доор нуув. Түүнээс хойш миний хийдэг юм зураг боллоо. Зун бол голын хөвөөнөө нойтон шавар, торгон элс, өвөл бол цасан дээр элдэв амьтны дүрс зурна. Нэг удаа манайд айлчлан ирсэн Ехөөмянган өвгөний арьсан дээлийн ар дээр могой зурж орхив. Өвгөн түүнийг мэдсэнгүй. Өглөө тэр босоод дээлээ өмсөх гэснээ могойг үзэж нүд нь бүлтрэх шахан айж:

-   Ай хан хурмаст минь! Гэж хашгираад дээлээ чулуудчихав. Тэр могойгоос айдаг юм байжээ. Би тэр могойноос болж хоёр хацраа хорстол ”илүүлэв”.


бичсэн: Byambaa14 төрөл: | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1678

Сэтгэгдэл:

buten oruulj vhadahgui bol delhiigees zail
Бичсэн: gahai yagaan (зочин) хэзээ: 05:29, 2020-1-11 | Холбоос | |
гүйцэд биш бна
Бичсэн: Зочин хэзээ: 09:45, 2014-3-6 | Холбоос | |
goy shuuuu bayarlala

Бичсэн: unshig ch (зочин) хэзээ: 09:16, 2012-10-21 | Холбоос | |
баярлалаа
баярлах
ирмэх
Бичсэн: ршрш (зочин) хэзээ: 10:00, 2012-5-14 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant