2011-03-21,17:23

Зарим шилдэг шүлгээс


П.Бадарч : Эхийн сэтгэл

Хайрт ээж Цэвэгмэдийнхээ гэгээн дурсгалд мөргөмүй П.Бадарч

Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ

Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдэлсэнгүй

Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч

Санаа сэтгэл гэгэлзэж байсан ч

Сарних бодлын үзүүрээс миний хүү гарахгүй юм аа

Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү амьтан хүн уншиж байна

Сайхан дуу зохиож байна гэнэ миний хүү радиогоор дуулж байна лээ

Сайн явна гэнэ миний хүү аяны хүн ярьж байна

Муу явна гэнэ миний хүү амны зугаа ярьж байна

Аль нь ч надад ялгаагүй амьд яваа чинь эжий дээ алдар чинь юм шүү дээ

Эжий нь хүүгээн их санах юм аа

Араг савар хоёрыг зөрүүлэн байж би чамайг боддог

Аргал чулуу хоёрыг андууран түүж би хүүгээн санадаг аа алгаа миний хүү

Тэмээ тэмээ цагаан үүлсийг тэндээн царцтал харлаа

Тэнгэрийн ягаан хаяаг цав суутал би хүүгээн ширтлээ эжийдээ ирсэнгүй ээ

Хүний хүү эжийдээ ирж гэнэ гол усаар л нэг найр наадам болж байна

Миний муу хүү болохоор шоронд орж гэнэ голыг минь гогдон хэлж байна

Аа яадгийм ороо л биз гадагшаан би хүүгээ өмөөрлөө

Ам нь цангаж байгаа байхдаа хүү минь дотогшоо би өмөлзлөө

Гал шиг залуу явахад үсэрсэн оч минь юмсан миний хүү

Ганц бие зандан явахад тасарсан навч минь юмсан миний хүү

Алаг бөмбөл эрдэнэ алган дээр байна гэж зөгнүүлж ирсэн ганц хүү минь юмсан

Алтан бэлзэг газраас олоод амандаа үмхтэл залгичихлаа гэж зүүдлүүлж олдсон үр минь

Ядаж яваа юм бол миний хүү тэнэж яваад юу хийх вэ эжийдээ л хүрээд ир

Ядарч яваа юм бол миний хүү тэнд байгаад юу хийх вэ эжийдээ хүрээд ир ээ

Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг хөх толгойтой хөгшин үр минь

Эжийнхээ нүдэнд бол манцуйндаа дэрвэлзэх мяндас цагаан хүү минь ээ эжийдээ ирээ

Хөхөөрөө чамайг даллая үхэхээрээ чамайг айлгая миний хүү эжийдээ ирээ

Ухаантай даа миний хүү эжийдээ ирээ хурай хурай хурай
Унага шиг эжийдээ давхиад ир гурий гурий гурий

Ш. Дулмаа "Охин үрээ хайрла" (шүлэг)


Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна

Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана

Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана

Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна

Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла

Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг  охиндоо хэл

Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

Б.Лхагвасүрэн"Цэцгэн эрх"

Ээжээ
Таны
Цас цагаан гантиг өлмийд чинь
Цэцэг зулья гэж
Цэцэг түүлээ, би
Таны
Сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороос
Эзгүйд минь миний дууг сонсдог
Эрх танхай цэнхэр горхийн хөвөөнөөс
Цэцэг түүлээ

Цэцэг түүхдээ уйлж түүлээ.
Унасан харууслын нулимс
Оносон цэцэг бүхнийг түүлээ
Тандаа цэцэг дэвсье гэхэд
Нэгэн зуных байтугай
Нэгэн зууны цэцэг үл хүрэлцэнэ
Сайхан ижий минь
Санчигандаа өнчин хяруугүй эх минь
Таныгаа
Орчлонгийн үнэн, мөнхийн шөнө дундуур
Одлоо гэж уйллаа.
Одод хийсэм үхлийн хар шуурганд
Осголоо гэж хайллаа.
Таныгаа
Мянган үндэсний үзүүр бүхэнд шингэж
Мандах нарны зүг ургана гэж уужирлаа
Энх шаргал үүрээр хиртэшгүй цагаан цолмон байж
Эхлэл бүхний манлайд гялалзанаа гэж тайтгарлаа
Ижий минь та
Хагацлаар чулуужсан аялгуу
Халуунаараа царцсан сүү
Ижий минь би таны
Үргэлжлэл



бичсэн: Byambaa14 төрөл: Shuleg | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 601

Сэтгэгдэл:

Ene 3-wan shvleg vneheer goy shvleg ymaa тэврэлт
улайх 1140
Бичсэн: Зочин хэзээ: 20:10, 2018-01-11 | Холбоос | |
урхужшшүгрүшурлүцож
Бичсэн: Зочин хэзээ: 17:49, 2014-10-28 | Холбоос | |
ohin uree hairla
uneheer goy shuleg bna
Бичсэн: zoljargal (зочин) хэзээ: 16:32, 2012-09-19 | Холбоос | |
эхийн сэтгэл
үнэхээр гоё шүлэг юм аа маш их таалагдаж байна гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү зүрх өвдөх тэврэлт үнсэлт хайртай баярлах ирмэх ярзайтал инээх тормолзох миа хайртай гайхах ууртай smug санаа зовох whew! чөтгөр инээх хэлээ гаргах raised eyebrow nerd алга ташилт sleepy loser sick dont tell anyone not talking
Бичсэн: мөөгий (зочин) хэзээ: 09:42, 2012-04-13 | Холбоос | |
цэцгэн эрх
үнэхээр гайхалтай шүлэг байна
Бичсэн: зочин (зочин) хэзээ: 15:51, 2012-03-05 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)